2024 онд Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны нэгэн жаран, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байна.
Швейцарын өвөрмөц статус давтагдашгүй бөгөөд “Швейцар лугаа” төвийг сахиж хөгжсөн улсын жишээ байхгүй юм. Эдийн засгийн шинжлэх ухаанд үр ашиг бүхий хөгжлийн загвар, эдийн засгийн өсөлтийн гайхамшигийг хэзээ ч төвийг сахих статустай холбон тайлбарлаж байгаагүй юм.
Төвийг сахих бодлогын геополитикийн түүхэн гарал үүсэл нь Европт дэгдсэн 30 жилийн дайн, Наполеоны аян дайнтай шууд холбоотой байв. Тиймээс түүхэн зайлшгүй шаардлагаас төвийг сахих статус урган гарсан түүхтэй. 1815 оны Венийн их хурлаас их гүрнүүд Швейцарын тусгаар тогтнолыг сэргээж, улмаар байнга төвийг сахиулж, олон улсын эрхзүйн статусыг нь тунхаглан зарлаж, мөн оны Парисын гэрээгээр Австри-Унгарын Хаант Улс, Их Британи, Орос, Прусс, Франц зэрэг таван гүрэн хүлээн зөвшөөрч, 1919 оны Версалийн найрамдлын гэрээгээр дахин баталгаажуулжээ.
Швейцар нь 1948 онд НҮБ-д ажиглагчийн статустай болсон бөгөөд хүйтэн дайны үед байнга төвийг сахих статус нь олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход нь тээг болж байсан учир Холбооны болон Үндэсний Зөвлөлд 1977, 1981 онд НҮБ-д гишүүнээр элсэх асуудал хөндөгдөж 1986 онд бүх нийтийн санал асуулга явуулсан боловч хүн амын 75.7 хувь нь эсрэг санал өгсөн, 1995, 1998, 2001 онуудад дахин хөндөгдөж 2002 онд бүх нийтийн санал асуулгын дүнгээр хүн амын 54.6 хувь нь НҮБ-д гишүүнээр элссэхийг дэмжжээ. Швейцарын Холбооны Улс НҮБ-д гишүүнээр элссэнээр гадаад бодлого, олон улсын хамтын ажиллагаа нь үлэмж идэвхжсэн юм. Зарим судлаачид Швейцар улс НҮБ-д гишүүнээр элссэнээр “байнга төвийг сахисан” хэмээх шинж чанараа de facto алдсан гэж үзэх нь буй.
Зарим судлаачид Швейцар улс НҮБ-д гишүүнээр элссэнээр “байнга төвийг сахисан” хэмээх шинж чанараа de facto алдсан гэж үзэх нь буй.
2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Foreign Policy сэтгүүлд “The End of Swiss Neutrality” өгүүлэл нийтлэгдсэн юм. Түүнд Швейцарын дипломатч Пол Видмер тэмдэглэхдээ: “Байнга төвийг сахисан байдал нь Швейцарын ген бөгөөд эрхзүйн систем юм.
Гэхдээ Швейцар улс 2002 онд НҮБ-д гишүүнээр элссэнээр дээрх бодлого өөрчлөгдсөн гэжээ. НҮБ-ын дэргэд шинээр томилогдсон Байнгын төлөөлөгч элчин сайд хатагтай Паскэль Баришвил мэдэгдэхдээ: “Төвийг сахисан байдал дэлхийн хоёр дайныг тойрч гаргахад нөлөөлсөн. Гэхдээ бид домогт найдаад цааш явж болохгүй...Бидний дараагийн зайлшгүй алхам бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд суудалтай болох явдал... Одоогийн Аюулгүйн Зөвлөл хүйтэн дайн үеийг санагдуулам байгаа нь Швейцарын оролцоо хэрэгтэй байгааг харуулж байна” гэжээ. 2020 оны зургаадугаар сард Швейцарын Гадаад хэргийн сайд Игнасио Казис дүгнэхдээ: “Аюулгүйн Зөвлөлд суудалтай болох нь эрсдлээсээ илүү үр өгөөжийг өгөх болно” гэжээ.
Швейцар Крымийн хойгийг өөртөө хүч түрэн нэгтгэсэн ОХУ-ын эсрэг 2014 оны наймдугаар сараас эдийн засгийн хориг тавьж, 2022 оны хавраас ЕХ-ны өргөн хүрээтэй эдийн засгийн багц хоригт нэгдсэн юм.
Швейцарын Холбооны Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд 2023-2024 онд сонгогдох сунгаагаа албан ёсоор эхлүүлж, тийнхүү Швейцарын байнга төвийг сахисан статус de jure төгсгөл болох үе шатандаа оржээ. Тийнхүү Швейцар, Мальт улсын хамт 2023 оны нэгдүгээр сарын 3-наас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр хоёр жилийн хугацаатай ажиллах үйл явц албан ёсоор эхэлсэн билээ.
2022 оны аравдугаар сарын 20-нд Швейцарийн Холбооны Улсын төрийн тэргүүн Игнацио Кассис Украинд айлчилсан нь нийт Европ тив, хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангах онцгой сорилтуудын үед төвийг сахих боломжгүйг гэрчилж буйд Украины Ерөнхийлөгч В.Зеленский талархал илэрхийлсэн юм. Тийнхүү Швейцарийн төвийг сахисан статус төгсгөл болж байна.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 оны тавдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ нэгэн жаран тохиож байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хүйтэн дайны он жилүүдэд худалдааны хүрээнд хөгжиж, 1990-ээд оны эхнээс идэвхтэй өргөжин тэлж иржээ. 1999 оноос Женев дэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар Швейцарт суугаа ЭСЯ-ны үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Швейцарын элчин сайд нар 1964 оноос Монгол Улсыг Прага, Москва, Бээжингээс хавсран ажиллаж ирсэн байна.