Токиогийн олимпын үеэр өөрийнхөө ээлжийг хүлээхдээ юм нэхэж суусан тамирчин Том Дэйли энэ жил мөн л сүлжмэл нэхэж суугаа нь олны анхаарлыг татав. Тэрбээр ялсан ч ялагдсан ч юмаа нэхсээр суудаг нь үзэгчид, фэнүүдийнх нь хайрыг татдаг. Гэхдээ тэрбээр энэ удаад олимпын 5 дахь медалиа хүртээд байна.
Их Британийн усан спортын тамирчин Том Дэйли 10 метрийн тавцангийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Өдгөө 30 настай Дэйлигийн цуглуулгад олимпоос нэг алт, гурван хүрэл медаль бий. Дэйли Токиогийн наадмын дараа зодог тайлахаар төлөвлөж байсан ч Колорадо дахь АНУ-ын Олимп, Паралимпийн музейд зочилсны дараа бодлоо өөрчилсөн байна.
Авьяас чадвараас гадна шүтэн бишрэгчид нь түүнийг хошин шогийн мэдрэмж, гэр бүлсэг байдал, сүлжмэл нэхдэг байдалд нь дуртай.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС БОЛЖ 14 НАСТАЙДАА СУРГУУЛИА ОРХИЖ БАЙВ
Дэйли 2008 онд 14 настайдаа олимпод анх оролцсон бөгөөд сүүлийн 50 орчим жилийн хугацаанд Их Британийн нэрийн өмнөөс энэ наадамд оролцсон хамгийн залуу тамирчин болж байв. Бээжинд медаль хүртэж чадаагүй ч тухайн үед түүнийг урт удаан, ирээдүйтэй карьер хүлээж байгаа нь тодорхой байлаа.
Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас 14 настай Дейли сургуулиасаа завсардахад хүрч байв. Тэрбээр спортын амжилт үзүүлснийхээ дараа дээрэлхэлтийн эсрэг тэмцэгч болсон.
Тэрээр 2009 онд ВВС-д өгсөн ярилцлагадаа "Хэрэв чи сургуульдаа дээрэлхүүлж байгаа бол дүү минь чи ганцаараа тийм байдалд ороогүй шүү " гэж байв.
Тэрбээр Лондонгийн олимпын анхны медаль болох хүрэл медалийг эх орондоо авчирсан бол 2016 онд амжилтаа дахин давтсан. Мөн 2020 онд 27 настайдаа Дэйли Токиод дахин алт болон хүрэл медаль хүртэж Их Британийн түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн усан спортын тамирчин болжээ.
ГЭР БҮЛСЭГ ТАМИРЧИН
Дэйли нөхрийн хамт хоёр бяцхан хүүтэй бөгөөд Парисын үзэгчдийн суудалд "Team Daley" гэсэн бичигтэй цамц өмссөн түүний 6 ба 1 настай хөвгүүдтэйгээ суух нөхөр Дастин Лэнс Блэк тоглолтыг нь үзэн бахархлын нулимс унагаж байв.
Дэйли 2013 оноос хойш Блэктэй үерхэж эхэлсэн бөгөөд Дэйли ЛГБТК-ын эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч нэгэн юм. Дэйли маш гэр бүлсэг бөгөөд ихэнх чөлөөт цагаа хөвгүүдтэйгээ өнгөрөөдөг байна.
НЭХМЭЛИЙН АРГАЧЛАЛЫН ТУХАЙ НОМ ГАРГАЖЭЭ
Тэмцээний үеэр уснаас гарсан л бол Дэйли өөрийн дуртай ажил болох юм нэхэж суудаг нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Oлон нийтийн сүлжээндээ ч тэр өөрийн гараар урласан бүтээлүүдийнхээ зургийг нийтэлж, хэрхэн нэхэх талаар зөвлөгөөг өгдөг.
Токиогийн олимпын дараа Дэйли өгсөн ярилцлагадаа "Сандралаа дарж, өөрийгөө сэргээхийн тулд хөдөлгөөнгүй суун, амрах нэг хэрэгсэл болдог тул юм нэхдэг. Анх юм нэхэж төвлөрөхийг дасгалжуулагч маань зөвлөсөн. Энэ нь эхэндээ миний хувьд зүгээр л бясалгал төдий, өдөр тутмын амьдралын стрессээс ангижрах арга байсан ч, олимпод амжилттай оролцох нэг арга хэрэгсэл болж хувирсан" гэжээ.
Тэр юм нэхэх маш их сонирхолтой тул өөрийн сүлжмэлийн дэлгүүрээ нээж, дуртай сүлжмэл болон зүүгээр урласан загваруудыг багтаасан ном хүртэл гаргажээ.
Дэйли мөн л энэ жилийн наадмыг үзэж байхдаа суудал дээрээ юм нэхэж буй дүрс бичлэгүүд аль хэдийнэ олны хүртээл болж, нэхмэлчид болон спорт сонирхогчдыг хөгжөөж байна.